Өлчир дэгд

Өлчир Дэгд / Gentiana Algida Pall / нь тагийн ба дэд тагийн бүслүүрийн нуга, цармын чийглэг, намагтай нуга, намагжсан асгарга , уулын жижиг горхийн эрэг, даац бүхий нуга, хуштай шинэсэн ойн дээд захаар ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл, Хэнтий, Хангай , Монгол алтай, Говь-Алтайн тойрогт тохиолдоно. Үрээр үрждэг.

Шивлээхэй зээргэнэ

Шивлээхэй зээргэнэ / Ephedra equisetina bunge / нь Хангайд түүний өвөр бие, Монгол алтайн нурууны зүүн захыг барьж тааралдах боловч бусад нутгийн хувьд зөвхөн уул толгодын хад асга, чулуурхаг энгэр, сайр садрагын чулуурхаг эрэг хөвөө газраар сийрэг таруу ургадаг заримдаг сөөг ургамал юм. Хангай, Монгол Алтай, Дундад халх, Дорнод говь, Алтайн өвөр говь, Алашаа говийн тойрогт тохиолдоно. Үрээс ургахдаа сайн.

Дагуур арц

Дагуур арц / Juniperus dahurica / нь уулын чулуурхаг хажуу, асга, нураг даган газарт зулж ургадаг хэвтээ сөөг юм. Хэнтийн тойрогт / Богд уулын зүүн хажуу, Бумбатын ам / ургана. Ишний уг, газар дээрх хэсгээс сэргэн ургах чадвартай. Нөөц маш бага байгаа.

Дөрвөлсөн мүгэз

Дөрвөлсөн Мүгэз / Rhodiola quadrifida / нь Тагийн бүслүүрт хад асга, чулуутай энгэр, нуга, хаданд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол алтай, Говь Алтайн тойрогт тархжээ. Үрээр үржинэ.

Заг

Заг / Haloxylon ammodendron bunge / Заг нь ширэгжиж бэхжсэн , бэхжээгүй хөдөлгөөнт нүүдэг элс, сондог, элсэрхэг хээр, сийрэгдүү хайргатай дов толгодын энгэр хажуу, сайр садраа, мараалаг хотос газар дагаж ургадаг, цөл, цөлөрхөг хээрийн ценозыг бүрдүүлэгч модлог ургамал юм. Цөл, цөлийн хээрийн бүсэд тархан ургахдаа 7 аймгийн 60 орчим сум нэгдлийн нутгийг хамарна. Цөлийн бүсэд үргэлжилсэн их заган ой үүсгэдэг бол цөлөрхөг хээрийн бүсэд хэсэг хэсэг газар ургасан тусгаарлагдмал заган ой үүсгэнэ. Нийт 5 сая гаруй га талбайг эзэлнэ. Үрээр үржинэ.

Пржевальский Чармай

Пржевальский Чармай /Улаан түлээ/ / Gymnocarpos Przewalskii maxim / нь чулуурхаг цөлийн хуурай сайр, түүний ирмэг, дов толгод, жалга судагт ургах сөөг ургамал юм. Алашаа говийн тойрог / Борзонгийн говь, Халзан уулын ар хөндий, Улаан хөөвөрийн хяр /, зүүн гарын говьд / Байтагбогдын ар бэл /-д тархжээ. Үр болон вегетатив эрхтнээр үрждэг.

Монгол бүрэлгэнэ

Монгол Бүрэлгэнэ / Viburnum mongolicum Rhed / нь уул толгодын чулуурхаг хажуу, байц цохио, хадны ангалд ургадаг жимсгэнэ бүхий намхавтар сөөг юм. Энэ устаж болзошгүй унаган ургамал юм. Хянган, Монгол дагуур , Угтам уул, Түмэнцогт уулаар тохиолдоно. Цөөн бутаар энд тэнд ургадаг нөөц багатай. Тохиромжтой нөхцөлд үрээр үрждэг.

Потанины улаантулам

Потанины улаантулам /incarvillea potaninii batal/ Энэхүү ургамал нь уулын чулуурхаг хажуу энгэр, хуурай сайрын зах, нураг чулуунд ургах олон наст өвслөг ургамал юм. Монголд Алашаа говь, Говь-Алтайн тойрог /Тост, Ноён, Зурамтай уул, Жинстийн нуруу/-т ургадаг. Үрээр үрждэг.

Нөмрөг банздоо

Нөмрөг банздоо /Вансэмбэрүү/ /saussurea involucrata/ Энэ ургамал нь зөвхөн тагийн бүслүүрийн хад, асга, асгаргын чийгтэй хөрсөнд энд тэнд ургах олон наст өвслөг ургамал юм. Монголд Хөвсгөл, Хангай, Алтай, Говь-Алтайн тойрогт байдаг. Эрт үеэс эмийн чанараар алдаршсан энэ ургамлыг эм тан хийх зорилгоор нилээд түүдэг байсан. Хэдийгээр эмзүй, эмнэлзүйн шинжилгээгээр эмийн чанарыг нь судалж анагаах ухааны эмнэлгийн албан ёсны эмийн ургамал болгоогүй боловч нөмрөгт банздоог нийтийн зах зээл, төв, орон нутгийн эмийн сангуудад эх хэмжээгээр бэлтгэн худалдаж байгаа буруу үйл ажиллагааны үр дагавраас энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна. Үрээр маш муу үрждэг. Үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенцээр хоригложээ

Дороготайскийн банздоо

Дорогостайскийн банздоо/Вансэмбэрүү/ /saussurea dorogostaiskii palib / нь өндөр уулын бүслүүрийн хад, асга, асгарга дагаж чийгтэй хөрсөнд маш сийрэг ургадаг олон наст өвс юм. Манайд Хөвсгөлд байдаг. Үрээр маш үржинэ.

(Нийт: 77)